Бидний тухай

Доктор Ж.Дүгэрсүрэн

/1946-1947 онд ус цаг уурын албаны дарга/

Буриадын Хорь аймгийн Элхи нэртэй газар 1909 онд  Жалцав ламын ганц хүү болон эхээс мэндэлжээ. Түүний эцэг Жалцав лам 1860-1870 онд Хорь Буриадын Чулуутын дацанд шавилан сууж байгаад, Далай ламд мөргөхөөр Түвд рүү явж, улмаар Энэтхэг, Тайланд, Сингапур, Гонконгод очиж, эргээд Хятадыг явган туулж Бээжинд ирээд, жинчдийн хамтаар Монголдоо эргэн ирсэн сонин түүхтэй хүн аж. Ж.Дүгэрсүрэн Герман, Франц улсад илгээсэн анхны 35 сурагчийн нэгэн болж 1927-1929 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн.

1930-1932 онд Зөвлөлтийн эрдэмтэн И.П.Рачковский, К.А.Недадкевичийн хамт Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Аранзан Зэст, Эрдэнэт, Багануур, Цайдан тугалтай нурууг шинжилсэн байна. 1938 онд Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дүүргээд мөн ондоо Өмнөговь аймгийн Даланзадгадын Охин хөтлийн чулуун нүүрсний ордыг шинжлэн, Таван толгойн нүүрсний ордыг урьдчилан үзэх ажлыг хийлцжээ.

1940 онд Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, Оросын геологич Ю.С.Желубовский нар Дорноговийн сав газарт Зүүнбаянгийн газрын тосны ордыг нээсэн байдаг юм.

Ж. Дүгэрсүрэн, Ю.С. Желубовский нар  1940 онд Дорноговийн Зүүнбаянгаас нефть олж, удалгүй өрөмдсөн анхны цооногт 450 м хүртэл гүнд нефть бүхий 70 үе тогтоосон байна. 1941-1946 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ даргаар ажиллахдаа Маршал Х.Чойбалсанд хандан “Улаанбаатар хот тэлэхэд одоогийн газар багадна, цэвэр усны нөөц ховор, бэрхшээл учирна” хэмээн Монгол улсын нийслэлийг Хархорумд шилжүүлэх асуудлыг хөндөн санал болгож байжээ.

Ж.Дүгэрсүрэн нь 1946 оноос 1947 оны 3 дугаар сарын 15”-ныг хүртэл Ус цаг уурын хорооны даргаар ажиллаж байв. Тэрээр эн тэргүүнд Монгол-Зөвлөлтийн 1946 оны хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэн Монгол дахь Зөвлөлтийн Ус цаг уурын товчоотой ажлаа уялдуулан зохион байгуулах, хэдийгээр тусгайлсан мэргэжилгүй боловч зохих боловсролтой, цаг уурын ажилд сонирхолтой хүмүүсийг авч, Улаанбаатар болон орон нутагт ажиллуулах зэргээс ажлаа эхэлсэн гэдэг.

Тухайн үед Ус цаг уурын хороо нь цаг уурын өртөөнүүдийн мэдээ сэлтийг цуглуулж, бүртгэн боловсруулах тасагтай, ня-бо, галч-зарлага зэрэг арваад хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа хэмээн дурссан байх юм.

 Ж.Дүгэрсүрэн туйлын нямбай нэгэн байж. Хувийн архивтаа шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний холбогдол бүхий олон чухал баримт бичгүүдийг маш эмх цэгцтэй хадгалж байгаад Үндэсний төв архив, Шинжлэх ухаан, технологийн сургуулийн геологийн музейн архивт шилжүүлсэн нь одоо хүртэл хадгалагдаж байдаг юм байна.

 Геологи, минералогийн ухааны эрдэмтэн Жалцавын Дүгэрсүрэн нь 1961 онд ОХУ-н Иркутскийн их сургуульд “Налайхын нүүрсний ордын геологи ба петрографи” сэдвээр Геологи, минералогийн ухааны дэд эрдэмтний зэрэг горилжээ.

Москвад Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд 1963-1968 онд геологийн зөвлөх, 1971 онд Жалцавын Дүгэрсүрэн нь Эрхүү хот дахь Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн царцдасын хүрээлэнд Монголын нүүрсний ордуудын геологи ба тархалтын зүй тогтол сэдвээр эрдмийн зэрэг горилж, энэ салбарын 20 эрдэмтний анхдагч болсон байна.