Жашжидийн Ишцог

/1949-1953 онд ус цаг уурын албаны дарга/

Ж.Ишцог нь 1913 онд одоогийн Увс аймгийн Зүүнхангай суманд Жашжидийн ууган хүү болон төржээ. Эрийн цээнд хүртлээ нүүдэлчин малчны үр, ач нарын нэгэн адил эцэг, эхийн гар дээр эрх дураараа, хонь хурга, адуу малаа хариулан өсөн бойжжээ. Тэр үед манайхан нутаг усандаа баячуулын тоонд ордоггүй боловч унах унаа, саалийн үнээ, ачлагын хэдэн тэмээ, шөлний хонь хүрэлцээтэй, дундчуулын нэгэн байсан аж.

Ж.Ишцог нь 1933 онд Лхамсүрэнгийн Цовоотой хуримлаж, насан турш ханилан, олон хүүхдийн эцэг, эх болцгоосон юм. Ж. Ишцог нь өөрийн аав Жашжидээр монгол бичиг заалгаж, бичиг үсэгтэй болсон тул 30-аад онд Зүүн Хангай сумын Бадрахын хүрээнд анхны танхим (бага сургууль) байгуулагдахад багшаар ажиллаж байжээ. Дараа нь сумын тамгын газар бичээч, хамтралын нарийн бичгийн дарга, сумын нарийн бичгийн дарга, сумын даргын алба хашиж байв. Хэдийгээр өөрөө цэрэгт явахыг санаархаж байсан боловч удаа дараагийн цэрэг татлагаас чөлөөлөгдөж байжээ. Ингээд бодвол өмнө нь сумын даргаар ажиллаж байсан өөрийн аавын оролцоо нөлөөлж байсан нь лавтай. Харин 1938 онд Ж.Ишцог дарга сумын даргаар дэвшин ажиллаж байхдаа шинэ цэргүүдийг хүргэхээр аймагт очоод, тэндээсээ сайн дураараа цэрэгт явжээ. Ж. Ишцогийн энэхүү огцом шийдвэр нь тэдний гэр бүлд амьдралын шинэ хуудсыг нээсэн хэрэг.

Иймд Ишцог гуайн аав малаа ах дүү нар дээрээ үлдээгээд хүү, эхнэр хоёрыг нь дагуулан, нийслэлийг зорьсон байна. Ж.Ишцогийг цэрэгт ирэхэд тэр үеийнхний дунд бичиг үсэг мэдэх хүн элбэг биш, тэгээд ч сайн бичиг үсэгтэйг нь хойд хөршид сургуульд явуулдаг байсан тул хүмүүс дурамжхан ханддаг байжээ. Иймээс Ж.Ишцог шинэ цэргүүдийн дунд бичиг үсгийн үзлэг явуулахад нэг нөхрийнхөө хамт шалгалтын материалыг солгой гараараа бичиж өгснөө сүүлд инээдэм болгон дурсдаг байлаа. Эргүүлэн бодоход энэ нь нэг талаас алдсан байж болох боловч нөгөө талаас өөрийгөө аварсан ч байж магадгүй юм. Яагаад гэвэл тэр үед гадаадад аль нэг сургуульд суралцаад ирсэн ахул бусад олон залуу дарга нарын нэгэн адил хэлмэгдлийн шуурганд хамрагдсан байж ч болох талтай.

Ямар ч байсан уг шалгалтын дараа Ж.Ишцогийг дарга цэргийн хууль цаазны 6 сарын курст хуваарилан сургаж, улмаар гуравдугаар зэргийн шүүгч цол олгон, цэргийн бага даргаар дэвшүүлэн ажиллуулжээ. Ингээд 1939-1943 онд Цэргийн дээд шүүхийн коллегийн нарийн бичгийн дарга, коллегийн орлогч даргаар ажиллаж байгаад 1943 онд Улсын Бага хурлын тогтоол, жанжны тушаалаар Дорнодын Цэргийн шүүхийн даргаар томилогджээ. 1946 оноос Хилийн цэргийн дээд шүүхийн даргаар томилогдон ажилаж байсан байна.

Ж.Ишцог 1949-1950 онд Улсын Агаарын Шинжилгээний Хорооны орлогч дарга, 1950-1953 онд даргаар ажиллаж байжээ. Тэр үед УАШХороо нь материал боловсруулах ба орон нутаг дахь ус, цаг уурын өртөө, харуулын ажлыг эрхлэх тасагтай болсон тухай мэдээ сэлт түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэнээс гадна цаг уурын өртөө, харуулын олон жилийн мэдээ сэлтийг бүртгэн, төрөлжүүлэн хадгалах тухай тушаал гарсан байхаас үзэхэд одоогийнхоор бол Байгаль орчин, ус цаг уурын мэдээлэл баримтын санг үндэслэж байсан хэрэг ажгуу.

Ж.Ишцог гуай хорооны даргын ажлыг хүлээн аваад 1 жил болсны дараа бичсэн товч илтгэлдээ "..тусгай мэргэжлийн курсийг өнгөрсөн 1950 онд байгуулж түүнд шинэ хүмүүсийг авч суралцуулснаар хүний талаар нэлээд бололцоотой болсон учраас Зөвлөлтийн хоёр станцыг хүлээн авч ажиллуулж байгаа ба хорооны удирдлагын аппаратын ирээдүйн хэлтэс байх орон тоонд нэг хүнийг авах зэргээр нийт 12 хүнтэй болов. Нэг гэрээс өөр нэг үхэр тэрэг ч үгүй явдал нь хэдийн бага боловч нэг айлын ажлыг урагш хөдөлгөх нөхцөлгүй байсныг өнгөрсөн онд зохих газарт илтгэж, 7 дугаар сард ганц 67 ( оросын тэр үеийн жийп-зохиогч) буюу полу (1.5 тн-ын даацтай ачааны тэрэг-зохиогч) хоёрын алиныг авах санаатай вэ гэж С.Лувсан даргын асуухад ажлын бүтээмжийг бодож полу тэрэг нэгийг авч ажилласан нь манай ажилд их алхам болсон юм. Хороо нь контор ба орон сууцгүйн дээр аж ахуйн төсвийг 100 мянган төгрөгөөр хассан учраас юу ч хийх бололцоогүй байна.

Ус ба цаг уурын үндсэн мэргэжилтэн нарыг төрүүлэхийн тулд Зөвлөлтийн дунд сургуульд жил тутам 6 хүн, дээд сургуульд 2-оос доошгүй хүнийг явуулах нь чухал байна. Холбогдох ном, заавруудыг гадаад хэлнээс орчуулсан боловч цаг уурын тусгай тэмдэг, томъёонууд манай хэвлэлд байхгүй юм. Иймд улсын хэвлэлд хэвлүүлэх арга хэмжээ авах, мөн хотын дотор ямагт явганаар явж байдаг гачигдлаас ангижруулахыг хүснэ. Хотоос Улаанхуаранд байгаа конторт очих, ирж ажил хөөцөлдөхөд ажил бүтэхгүйгээр өдөр өнгөрч байгааг ч нэгэн адил харгалзана уу" гэжээ. Үүнээс УАШХ-ны тэр үеийн ажлын ололт, бэрхшээлийн талаар ойлголт авч болно.

Ж.Ишцог дарга ардын цэрэгт ахлах тушаалын алба хашиж байгаад 1945 оны дайны дараа энхийн хөдөлмөрт шилжсэн ахмад дайчин байлаа.

ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин Ж.Ишцог гуайн хүү, ахмад дипломатч      И.Очирбал гуайн гэрт очиж, амар мэндийг нь мэндэн золгосон юм. Газрын дарга түүнтэй  Ж.Ишцог гуайн ажил амьдрал, хийж бүтээж байсан үйлсийнх нь тухай яриа өрнүүлж, хуучилсан юм.   

 

 

 

 

 

 

ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, И.Очирбалын хамт
2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр