“Ус,цаг уурын албан-100” түүхэн үзмэр, музейг нээж хэлсэн үг

2024 оны 04 сарын 25

Та бүхний өдрийн амгаланг бас дахин эрж байна. Өнөөдөр манай албаны түүхэнд бас нэг тэмдэглэлт үйл явдал тохиолдож байгаа нь тус Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны музейг анх удаа албан ёсоор нээж байна.

Аль 1924 онд Монгол орныхоо агаар тэнгэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй ажиглаж, шинжилж  эхэлсэн манай албан 100 жил хөгжсөн түүхийг товчлон энэхүү музйед харуулахыг зорьсон болно.

Музей гэдэг бол тухайн байгууллагын түүхийн хураангуй бас хөгжлийн хандлагыг харуулдаг. Манай музей нь ахмад, дунд, залуу үеийн цаг уурчид та бүхэнд албаныхаа түүхийг ойлгож мэдэх болон бас байгаль цаг агаарыг таньж мэдэх нэг хэрэгсэл байх болно.

Нөгөө талаар нийт ард иргэд, хүүхэд залууст тус музей нээлтэй ажиллаж ус, цаг уур, орчны шинжилгээний албаны баялаг түүхийг тэдэнд ойлгуулах,  манай мэргэжилд хүүхэд залуус дурлаж сонирхох, шинэ залуу үе хүний нөөцөөр нөхөгдөж байхад ч гэсэн бас тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй ээ.

Музейдээ тус албаны төлөө ажил, амьдралаа зориулсан бүх хүмүүсийн төлөөлөлийг ямар нэг хэмжээгээр тусган оруулж харуулах, тэдний бүтээсэн үйл хэргийг  түүхчлэн танилцуулахыг бид эрмэлзсэн болно. Гэвч цаг хугацааны шахагдал, бас  олон арван жилийн түүхийг сэргээх зэргээс шалтгаалан зарим зүйл орхигдсон байхыг үгүйсгэхгүй.

Музейд албаны түүхийн онцлог үйл явцыг зураг, тайлбараар илэрхийлэхийн зэрэгцээ бас та бүхний хэрэглэж ашиглаж байсан багаж төхөөрөмжийг биетээр нь тавьж харуулахыг бодсон. Гэвч зарим багаж хэрэгсэл өдий хүртэл хадгалагдан ирж чадаагүй байсныг нь  тэмдэглэж байна. Хэрвээ бид эртнээс нааш музейгээ байгуулж байсан бол энд дурсгал болон үлдэх байж. Гэхдээ цаашдаа албаныхаа түүхийн үнэт гэрч болсон албан бичиг баримтууд, зураг хөрөг, эд материал, багаж төхөөрөмжийг музейдээ хадгалж үлдээж байхыг та бүхнээсээ хүсэж байна.

Энэхүү музейг  байгуулахад хүчин чармайлт гаргаж ажилласан Монголын ус цаг уурын нийгэмлэг, байгууллагын Ахмадын зөвлөлд болон холбогдох үзмэрүүдийг ирүүлсэн аймгуудын цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд талархалаа илэрхийлье.

Та бүхэн музейг үзэж таалан соёрхоно уу.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах